Х.Баттулга: Оюу толгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ - НАМБУС

Х.Баттулга: Оюу толгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмын дагуу танилцуулах тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүлжээ.
Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээсэн бөгөөд уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм. Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна” гэсэн байна.

Spread the love