Уршиг тарьсан УОК-ын шийдвэрүүд - НАМБУС

Уршиг тарьсан УОК-ын шийдвэрүүд

Иргэнийг Коронавирусийн шинжилгээ өгөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 5.13.4 дэх заалтаар 100,000 төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл явж байх юм. Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол торгоно гэсэн урьдчилсан нөхцөл бүхий заалт Зөрчлийн хуульд бий. 

Харин иргэн хуулиар ямар үүрэгтэй вэ гээд үзэхээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1 “Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх”-ийг үүрэг болгожээ.

Илүү нарийвчилсан зохицуулалт болох 2020.04.29-ний өдөр УИХ-аас баталсан Цар тахлын хуулийн 12.2 дугаар зүйлийн 12.2.3-д Мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах гэж тус тус заажээ. Үүнээс дүгнэвэл, мэргэжлийн байгууллагаас шаардлага гараагүй. Мэргэжлийн байгууллага гэдэгт Эрүүл мэндийн яамыг тооцох бол тус захиргааны байгууллагаас гарч буй захирамжлалын албан бичигт “шаардлага” гэж байхгүй.

Тэгэхээр эрсдэлтэй, ойрын хавьтал, голомтод буй хүнээс шинжилгээ авахаар амаар шаардаад байхад нь өгөөгүй бол сая Зөрчлийн хуулиар торгох нөхцөл бүрдэж болох юм. 

Нөгөө талаас, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагуудаас заавал шинжилгээнд хамруулах шийдвэр нь захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актад тооцогдож албажсан байх хуулийн шаардлага тавигдана. Бусад өгсөн чиглэл, зөвлөмж нь заавал биелэгдэх шинжгүйгээрээ онцлогтой! Одоогоор УОК-оос иргэн бүрийг шинжилгээнд хамруулах ямар нэгэн шийдвэр гараагүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтаар 100,000 төгрөгөөр торгоно гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хаалга болон хашааны гадна КОВИД-19 вирусийн тусгаарлалтад байгааг илтгэх хуудас наасан үйлдэл гарах болов. Ардчилсан орнуудад тусгай хуудсыг наахдаа иргэдийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр нааж байна. Харин манай улсын тухайд зөвшөөрөл авахгүйгээр захиргааны байгууллагаас хүч хэрэглэн зохицуулах гэж оролдсон нь өөрөө хүний эрхийг зөрчсөн маш бүдүүлэг үйлдэл болсон юм. 

УОК-оос ямар нэгэн чиглэл өгөөгүй байхад орон нутгийн удирдлага, тусгай комиссоос нь энэхүү үйлдлийг авч хэрэгжүүлсэн шийдвэр гаргасан гэх тайлбарыг өгдөг. Гэтэл Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн удирдлагуудад тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангах үүрэг л цар тахлын хуулиар олгогдсон байдаг. Үүнээс биш, УОК-ийн үүрэг даалгавар, өгсөн чиглэлээс давсан дүрэм, журам батлах эрхгүй юм. 

Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйл “…эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж…” нөхцөлд хамаарна. Хариуцлагын тухайд ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй. Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бөгөөд 1-5 жилийн хугацаагаар хорих ялын шийтгэл хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Ялгаварлан гадуурхалттай тэмцэх зорилгоор Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-тэй холбоотой хэрэг маргааныг шүүхээс шийдвэрлэж байгаа байдал маш хангалтгүй байгааг судалгаанаас харж болно.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 14.1.1-ээр 2018-2020 онд 4 хэрэг анхан шатны шүүхээр, давж заалдах шатны шүүхээр 2017-2020 онд 4, тус тус шийдэгдсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл болох хүч хэрэглэж, бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэнтэй нь холбогдуулан 14.1.2-аар шийдвэрлэгдсэн хэрэг гурван шатны шүүхэд байхгүй байна.

Эдгээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг уншвал шүүхээс “ялгаварлан гадуурхсан” гэдэг зүйл ангиар шийтгэвэр оногдуулахдаа ялгаварлан гадуурхалт мөн байсан эсэхийг тогтоохгүйгээр иргэдийн хоорондын маргаанаас гэмтэл учирсан асуудлыг ч 14.1-д хамаатуулан шийдвэрлэсэн байхыг харж болохоор байна. Одоогоор ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн төсөл олон нийтээр хэлэлцүүлж буй бөгөөд УИХ-д өргөн барьсан тухай мэдээлэл ХЗДХЯ-ны цахим хуудаст байхгүй байна.

УОК-ын үүрэг, чиглэлийн дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах QR.119.mn системийг нэвтрүүлсэн. Энэ системийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулсан гэх. Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар, хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

Тэгэхээр УОК-ын чиглэл бол нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш. Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах QR.119.mn системд QR кодыг уншуулах үүрэггүй. Энэ бол төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Үүнээс үүдэн гарах эрсдэл маш их бий.

Spread the love