Клопп: Энэ хожил бидний хэн болохыг харууллаа - НАМБУС

Клопп: Энэ хожил бидний хэн болохыг харууллаа


Английн Премьер лигийн 20-р тойргийн хүрээнд аваргын төлөө өрсөлдөгч Тоттенхэм клуб талбайдаа Ливерпүүл клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолт 1-3 харьцаагаар өндөрлөж зочин баг Ливерпүүл хүсэн хүлээсэн хожлоо авсан юм.2021 он гарснаас хойш лигийн хүрээнд хожил аваагүй байсан Ливерпүүл клубээс Роберто Фирмино, Садио Мане, Трент Александер Арнольд нар гоол оруулсан бол талбайн эздийн ганц гоолыг Пьер Эмил Хоиберг хийсэн.

Ингэснээр Ливерпүүл клуб 37 оноотойгоор лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байранд тэргүүлэгчдээс 4 оноо дутуу бичигдэж байна. Харин Тоттенхэм клуб 33 оноотой хүснэгтийн зургаадугаар байр руу унасан юм.

Тоглолтын дараа Ливерпүүл клубийн дасгалжуулагч Юрген Клопп “Өнөөдрийн хожил бидний хэн болохыг харууллаа. Энэ чинь л бид шүү дээ. Ялангуяа хоёрдугаар хагас. Эсрэг баг бөмбөг бага эзэмшсэн ч сөрөг довтолгоогоо сайн хийсэн. Гэхдээ бидний хамгаалалт дутахааргүй сайн байлаа” гэв.

Тоглолтын шилдгээр зочин багийн баруун жигүүрийн хамгаалагч Трент Александер Арнольд нэрлэгдсэн юм.

Харин Тоттенхэм клубийн дасгалжуулагч Жозе Моуриньо “Бид хувь тоглогчдын гаргасан гурван ч том алдааны улмаас хожигдлоо. Тэр дундаа гурав дахь гоол намайг их гонсойлголоо. Учир нь тоглолтын турш сайн байсан Жое Родоны алдаанаас гоол орсон. Би түүний өмнөөс харамсаж байгаа ч түүний сайн тоглолтыг магтмаар байна” хэмээжээ.

Spread the love