QR код уншуулахад хүний эрх зөрчигдөх эрсдэл үүссэн гэж шаардлага хүргүүллээ - НАМБУС

QR код уншуулахад хүний эрх зөрчигдөх эрсдэл үүссэн гэж шаардлага хүргүүллээ

  224  Tweet


E-barimt системд суурилсан хөдөлгөөний бүртгэлийг журмаар зохицуулахгүйгээр ашиглаж эхэлсэн нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 29-нд ХЭҮК-ын гишүүний шаардлагыг УОК-т хүргүүллээ.

Шаардлага

Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч, УОК-ын дарга Я.Содбаатар танаа

Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/ тархсантай холбогдуулан халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлыг илрүүлэх, тархалтыг хянах, эрсдэлд орсон хүмүүст мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор E-barimt системд суурилсан бүртгэлийн апликейшнийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Энэ арга хэмжээ нь хүнийг мөрдөж мөшгисөн шинжтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаа тухай гомдол, мэдээлэл Комисст ирж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-аас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь цар тахлын нөхцөлд төрөөс тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой хүний эрхийн үүрэг мөн. Хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Хүний эдгээр эрхийг хангах, хамгаалах үүргээ биелүүлэх зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, тус пактаар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахад баримтлах Сиракузын зарчмууд (НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн E/CN.4/1985/4 дугаар тогтоолоор батлагдсан), Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэх ёстой.

Коронавируст халдвар /Ковид-19/-ыг хязгаарлах үүднээс дэлхийн улс орнууд гар утасны апликейшн, технологид суурилсан бүртгэлийн систем ашиглаж байна. Бүртгэлийн дээрх аргыг хүн амын 60-аас доошгүй хувь нь ашиглаж байгаа, халдварыг оношлох үр дүнтэй тогтолцоо бий болгож, хослуулан хэрэглэсэн тохиолдолд хавьтлыг шуурхай тогтоож, эрсдэлд орсон хүнд мэдээлэл өгч, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг бууруулах сайн талтай юм. Гэвч зориулалт, чадавхиасаа үл хамаарч, ийм технологи нь хувь хүний нууц, халдашгүй чөлөөтэй байх эрхийг ямар нэг хэмжээгээр хязгаарладаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч … мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно… Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9, 17 дугаар зүйлүүдэд тус тус баталгаажуулсан.

E-barimt системд суурилсан бүртгэлийн талаар уг технологийг хөгжүүлэгч Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-аас “Бүртгэлийн цэгт тавигдсан QR кодыг уншуулахад иргэнээс уг цэгийн код, төхөөрөмжийн ID, код бүртгүүлсэн цагийн мэдээлэл авагдана. Энэ мэдээлэл нь Тагнуулын ерөнхий газрын Үндэсний дата төвд хадгалагдаж, төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиудаар хамгаалагдана. Мэдээллийг зөвхөн коронавирусын халдвартай тэмцэхэд ашиглах бөгөөд энэ зорилгод нийцсэн хэлбэр, техникийн нөхцлөөр цуглуулж байгаа” гэсэн тайлбарыг Комисст өгсөн. Энэ тайлбарыг хөндлөнгийн шинжээчээр магадлуулж, апликейшний техникийн үзүүлэлт, мэдээллийн хамгаалал нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг цаашид нягтлавал зохино. Үүний өмнө энэ арга хэмжээ хүний эрхийг хязгаарлахад тавигддаг хууль зүйн дараах шаардлагуудыг хангасан эсэхийг хянах нь зүйтэй байна.

Нэгдүгээрт, E-barimt системд суурилсан бүртгэл нь коронавируст халдвар /Ковид-19/-аас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үр нөлөөтэй байх эсэхийг шинжлэх ухаанчаар тооцсон байх, үүнийгээ олон нийтэд тайлбарлах. Баримт, судалгаанд үндэслэн шийдвэр гаргах нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэх нөхцөл болно.

Хоёрдугаарт, E-barimt системд суурилсан бүртгэл, цугларсан мэдээллийг ашиглах, хадгалах, хамгаалах, зорилгоо биелүүлж дуусмагц цугларсан мэдээллийг устгах тухай асуудлыг журмаар зохицуулсан байх. Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах шаардлагыг Монгол Улсын олон улсын гэрээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 хэсэгт тогтоосон.

Коронавируст халдвартай хүний ойрын хавьтлыг тогтооход гар утасны апликейшн, технологи ашиглахад нэн түрүүнд тавигддаг эдгээр шаардлагуудыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт болсон уулзалтаар бид танай Комисст тайлбарласан. Мөн энэ талаарх журмыг эрх бүхий байгууллагуудаас шуурхай батлан гаргах, журамд Комиссын саналыг авах талаар бид өмнө нь тохиролцсоныг дурдах нь зүйтэй. Энэ хүрээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хамтран батална” гэсэн заалтыг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.17 дахь хэсэгт нэмсэн. Гэвч уг журам өнөөг хүртэл батлагдаагүй байгаа нь хувь хүний мэдээлэл хяналт, хамгаалалтгүй цугларах, хүний эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэж байна.

Түүнчлэн, E-barimt системд суурилсан бүртгэлийн талаар журам гаргаагүй, энэ арга хэмжээ нь албан журмын эсхүл сайн дурын байх эсэх талаар шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бүртгэл хангалтгүй хөтөлсөн аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах талаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахим хуудсаараа мэдэгдсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээ авахыг шаардаж байна. Үүнд:

E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх, энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг Комисст ирүүлэх, олон нийтэд мэдээлэх;
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан журмыг нэн даруй батлах;
E-barimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасаны дагуу 14 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

Spread the love