Монголын эмэгтэйчүүдийн холбоо умайн хүзүүний хорт хавдрын эсрэг “HOPE” төслийг эхлүүллээ - НАМБУС

Монголын эмэгтэйчүүдийн холбоо умайн хүзүүний хорт хавдрын эсрэг “HOPE” төслийг эхлүүллээ

“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна.

Дэлхий дахинд жил бүр 12 сая гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна гэсэн судалгаа бий. Тэр дундаа хорт хавдрын шалтгаанаар эндэж буй 13 хүн тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар өнгөрдөг гэсэн тооцоо байна. Эмэгтэйчүүдийн дунд элэгний хорт хавдрын дараа орох өвчлөл бол умайн хүзүүний хорт хавдар юм. Ялангуяа Азийн орнуудад өвчлөл, нас баралт өндөр байгаагийн дотроос Монгол Улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт өвчлөл нас баралтаараа тэргүүлж байгаа нь харамсалтай.

Энэ төрлийн хорт хавдартай гэж оношлогдсон нийт эмэгтэйчүүдийн 44.7 хувь нь хожуу шатандаа буюу өвчлөлийн III-IV дэх үедээ шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 33 хувь нь оношлогдсоноосоо хойш нэг хүртэл жил амьдардаг бол 44 хувь нь 1-5 хүртэлх жил л амьдардаг гэсэн харамсалтай судалгаа бий. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 53.9 хувь нь тус үзлэгт хамрагддаггүй байна.

Иймд МЭХ-ноос эмэгтэйчүүдийн дунд чимээгүй тахал болоод буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж, эмэгтэйчүүд, тэр дундаа алслагдсан сум, баг дахь малчин эмэгтэйчүүдийг эмчийн үзлэг, эрт илрүүлгэд хамруулах, энэ төрлийн өвчлөлийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болгох зорилгоор “HOPE” төслийг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. 

Төслийн хүрээнд МЭХ Хавдарын Сувлалын Үндэсний Төвийн умайн хүзүүний хорт хавдрын эмчтэй хамтран энэхүү өвчний тухай мэдээ мэдээллийг цахимаар олон нийтэд түгээхийн зэрэгцээМЭХ-ны 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн салбарын тэргүүн тэргүүлэгч, болон тухайн орон нутгийн эмэгтэйчүүдийн эмч нарт цахимаар сургалт зохион байгуулах юм. Сургалтын үр дүнд тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар үр дагавартай, илрэх шинж тэмдэг гээд бүхий л төрлийн мэдээллийг олон эмэгтэйчүүдэд хүргэх, орон нутгийн эмнэлэг цуврал мэдээллийг иргэдэд хүргэхэд хамтран ажиллах юм.

Эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдээлэлтэй болсоноор хожуу шатандаа буюу ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хойно нь шинжилгээнд хамрагдах бус 100 хувь эмчлэгдэх боломжтой эрт үедээ өвчнөө илрүүлж, олон олон эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бүрэн боломжтой болох юм.

Spread the love