Жо Байден: Ардчилалд халдсан ямар ч үйлдлийн эсрэг Америк зогсох болно - НАМБУС

Жо Байден: Ардчилалд халдсан ямар ч үйлдлийн эсрэг Америк зогсох болно

Маргаантай болж өнгөрсөн сонгуулийн улмаас Мьянмар улсын цэргийн хүчнийхэн удирдагч Аун Сан Су Чи болон бусад эрх баригчдыг баривчилж, төрийн эрхийг ерөнхий командлагч Мин Аун Хлаин аваад байгаа билээ. Үүнд Америк, Австрали, Английн удирдагчид төдийгүй НҮБ байр сууриа илэрхийлж, баривчилсан улс төрчдийг суллахыг шаардан мэдэгдэл гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл Мьянмарын эсрэг хориг арга хэмжээгээ сэргээнэ гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Тэрээр “Ард түмний хүсэл зоригийг хэзээ ч хүчээр мохоож, сонгуулийн үр дүнг үгүйсгэх боломжгүй. АНУ ардчилалд халдсан ямар үйлдлийн эсрэг зогсох болно” гэжээ. Мьянмарыг ардчилсан дэглэмд 2011 онд шилжихэд Америк хориг арга хэмжээгээ цуцлаад байсан юм.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл яаралтай хурал хийхээр бэлтгэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш Мьянмарын армийн энэ үйлдлийг ардчилсан засаглалын эсрэг ноцтой цохилт хэмээн нэрлэж, 45 хүнийг суллахыг шаардлаа. Мөн Английн Ерөнхий сайд Борис Жонсон Аун Сан Су Чи-г хууль бусаар хорьсон хэмээн мэдэгдсэн бол Хятад улс хоёр талыг зөрчлөө шийдвэрлэхийг уриаллаа. Харин Тайланд, Камбож, Филиппин улс үүнийг дотоод асуудал хэмээн үзэж байна.

Тус улсад нэг жилийн онц байдал зарлаж, цэргүүд гудамжинд эргүүл хийж,  шөнийн цагаар хөл хорио тогтоож байна. Энэ талаар 25 настай иргэн “Нэг өглөө сэрэхэд бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн байна гэдэг дэлхийд шинэ зүйл биш. Гэхдээ цэргийн дэглэмээс гарснаа буцаад тэр дэглэмдээ шилжинэ гэж би бодож байсангүй” гэж ярилаа. Төрийн энэ эргэлтийг эсэргүүцэхийг  “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, Мьянмарын  удирдагч Аун Сан Су Чи ард түмэндээ уриаллаа.

Тэрээр “Цэргийнхэн улс орныг дарангуйллын дэглэм рүү буцаах гэж байна. Үүнийг эсрэг хариу арга хэмжээ авч, цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авахыг чин сэтгэлээсээ эсэргүүцэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.Шинэ удирдлагууд хуучин 24 сайдыг огцруулж, сангийн сайд, эрүүл мэнд, гадаад харилцааны гэсэн 11 сайдыг шинээр томилсон байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Spread the love