Аманда Горманы шүлгийн номыг нэг сая хувь хэвлэнэ - НАМБУС

Аманда Горманы шүлгийн номыг нэг сая хувь хэвлэнэ

Тод шар өнгийн хослол, жижиг хэсэгт хуваан олон сүлжсэн үс, улаан боолт, алтан цагираган ээмэг, “Rare Origin” брэндийн торонд байгаа шувууг дүрсэлсэн бөгжөөр гоёсон  Аманда Горман Жо Байдены тангаргийн ёслолоос хойш Америкийн од болоод байна. Үндэсний анхны залуу яруу найрагчийн шагналт хүртсэн, өнгөт арьстан тэрээр 22 настай.  АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол дээр уншсан Аманда Горманы шүлэг Америкийн залуу үе төдийгүй бүх насныхныг эрч хүчээр сэлбэсэн юм. Тэрээр “Бид хорвоог орхихоосоо өмнө ирээдүй хойч үедээ илүү өндөр хөгжсөн улсыг үлдээх ёстой” хэмээгээд үүнд хүрэхийн тулд бүгд нэгдэх ёстойг уриалсан юм.

Түүний “The Hill We Climb and Other Poems”, “Change Sings: A Children’s Anthem” гэсэн шүлгийн ном есдүгээр сарын 21-нд хэвлэлтээс гарна. Эдгээр номыг нэг сая хувь хэвлэхээр болжээ. Учир нь түүнийг тангаргийн ёслолд оролцсоноос хойш дээрх номууд “Amazon”-ий шилдэг борлуулалтай номын жагсаалтыг тэргүүлсээр байна.

Мөн Опра Винфри түүний тангаргийн ёслолын үеэр уншсан шүлгийг тусад нь гуравдугаар сарын 16-нд хэвлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар “Penguin” залуу уншигчдын холбооны олон нийттэй харилцах хэлтсийн захирал Шанта Невлин “Тангарах өргөх ёслол дээр уншсан шүлгийг боломжоороо хурдан хэвлэх нь бидний зорилго. Тиймээс анхны хэвлэлээ дөрөвдүгээр сарын 27-нд гаргах байснаа гуравдугаар сарын 16 болгон өөрчиллөө” гэж ярьжээ.Түүнчлэн Аманда Горман тангаргийн ёслолын шүлгээ ирэх сарын 7-нд болох “Super Bowl LV” шоун дээр уншихаар болсныг лхагва гаригт зарлаад байна.

CNN

Spread the love