УОК-ын дарга С.Амарсайхан 142, 133 дугаар сургууль дээр гэнэтийн шалгалт хийв - НАМБУС

УОК-ын дарга С.Амарсайхан 142, 133 дугаар сургууль дээр гэнэтийн шалгалт хийв

УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн шинжилгээ авч байгаа БЗД-ийн 142-р сургууль дээр урьдчилан төлөвлөлгүйгээр очиж, шинжилгээ авч буй нөхцөл байдлын талаар эмнэлгийн ажилтнуудтай санал солилцож, газар дээр нь ажиллаж байна.

Эрүүл мэндийн ажилтан:– Шинжилгээний цаг байхгүйгээс иргэд бухимдаж, манай ажилтныг цохиод авсан тохиолдол гарсан. Цагийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирж үнэлгээ хийдэг. Бидэнд заавар өгч харилцаа хандлагын асуудлыг ч ярьдаг.  Цагаар шинжилгээ өгдөг асуудал хэцүү байна. 

УОК-ын дарга С.Амарсайхан: -PCR шинжилгээ өгөх цаг авъя гээд өглөө холбогдоход ямар ч цаг алга. Газар дээр нь ирэхээр боломж байна. Ийм байж болохгүй. Шинжилгээ авах ажил нарийн төлөвлөгөөтэй явах ёстой. Шинжилгээний хариу авдаг цагийг богино болгох хэрэгтэй. Таамгаар явсан асуудалд хандаж болохгүй учраас нарийн зохион байгуулалтад оруулах гэж газар дээр нь ажиллаж байна. Танай шинжилгээ авах төвийн зохион байгуулалт харьцангуй сайн байна. Шинжилгээ авсан хүмүүс нэг дор хооллодог нь зөв үү буруу юу. Зай барь гэж иргэдээс шаарддаг хэрнээ өөрсдөө дүрмээ баримтлах хэрэгтэй. Сар шинийн өдрүүдэд өргөн шинжилгээ авах гэж байна .10 гаруй хоног дотор бид аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулна.

Тодорхойгүй голомтууд олон боллоо. Халдвар хамгаалал алдагдсан газруудаас болоод тархаж байгаа вирусийг хумих ажлыг л хийж байна.  Хийх ажил тодорхойгүй байж болохгүй. Шуурхай штабын дэргэд цахим хайрцаг ажиллуулна. Иргэд болон алба хаагчдын саналыг авна. Үүнийг тусгай ангилж хараад хяналт шалгалт хийж арга хэмжээ авна. Ажлын асуудал учраас болохгүй зүйлээ үнэнээр нь ярьдаг баймаар байна.  Ажил хариуцаж байгаа хүмүүс ажилдаа эзэн болох асуудал чухал байна.Сургуулийн удирдлагуудтай ярилцаж, шинжилгээ авч буй өрөө тасалгааг том хэмжээтэй болгох хэрэгтэй. Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэл өндөр байгаа. Тиймээс энэ асуудлыг анхаарах нь зүйтэй. Шинжилгээ авах өрөөндөө хоол, ундаа иддэг гээд асуудал байгаа тул халдварын эрсдэл өндөр байна. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Эрүүл мэндийн ажилтнуудад өгсөн халдвараас хамгаалах шилэн хаалт, нүдний шил цантаж, шаардлага хангахгүй байгаа асуудлыг шийдэж өгнө” гэлээ.

Т.САЙХАН

Spread the love