"Зөв ХҮН электорат” эвсэл ард түмний санал болгосон хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ - НАМБУС

“Зөв ХҮН электорат” эвсэл ард түмний санал болгосон хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ

“Зөв ХҮН электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус эвслээс УИХ-д сонгогдсон, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд “Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль 3-4 сарын дараа болох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш эрт болох нь. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийт 45 хоногийн хугацаатай болох юм байна. Бид зургаадугаар сарын 9-нд сонгогдсон шинэ төрийн тэргүүнтэйгээ наадамлах юм байна.

Хуулиар УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг.

“Зөв ХҮН электорат” эвсэл ямар хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ маш тодорхой илэрхийлэх гэж энэхүү мэдээллийг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч аль нэг нам, бүлгийн төлөөлөл биш. Энэ агуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтоосон хувилбарыг танилцуулж байна. Энэ бол бид нэр дэвшүүлэх биш сонголт хийх, сонгогдох эрхийг ард түмэнд, нийт иргэддээ олгож байна. Үүнтэй холбоотойгоор “Ерөнхийлөгчөө захиалъя” гэдэг хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдье.

Монгол Улсын иргэд хөдөө орон нутагт байна уу, хотод уу, гадаад байна уу гэдгээсээ үл хамаараад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, сонгогдох эрх нь хадгалагдах учиртай. Тиймээс энэ эрхийг нь ард түмэндээ өгч байгаа юм.

Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зөв ёс нам бид дотроосоо биш нийт монголчууд дотроосоо иргэдийг төлөөлөх Ерөнхийлөгчийг тодруулъя гэж уриалж байна.

Үүнтэй холбоотойгоор бид “Зөв ХҮН” вэб сайтыг өнөөдрөөс ажиллуулж эхэлж байна. Та бүхэн Монгол Улсыг төлөөлөх чадвартай гэж үзэж байгаа хүн байгаа бол энэ сайт руу мэдээллийг нь явуулах боломжтой. Өнөөдрөөс эхлээд гуравдугаар сарын 20-ны хугацаанд санал авна. Түүний дараа хамгийн их санал авсан, хуулийн хүрээнд шаардлага хангасан, бидний зорилго зорилтын биелүүлж чадна гэж үзсэн хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэхдээ тухайн хүнтэй уулзаж, саналаа тавина. Үр дүнд нь монголчууд нийтээрээ төрийн тэргүүнээ сонгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Үе үеийн тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль мөнгөний сонгууль болчихоод байгаа. Тиймээс манай эвслээс мөнгөний сонгуульгүйгээр монголчууд нэг талдаа гараад төрийнхөө тэргүүнийг сонгож болдог юм байна гэдэг зөв жишгийг улс төрд бий болгоё гэж байгаа юм.

Та бүхэн өнөөдрөөс эхлээд аймаг, сум, багийнхаа, нутаг олондоо нэр хүндтэй эрхмийг, хотод амьдардаг бол дүүрэг, хороо, байр, гудамныхаа итгэл даах хүнийг санал болгооч, өөрсдийгөө бас санал болгооч гэж хүсэж байна.

Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар: Өмнөх сонгуулиудад ийм боломж байгаагүй. Намуудын явцуу хүрээнд тулгасан цөөхөн хэдэн хүнээс сонгохыг тулгаж байсан. Тиймээс ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд маш олон хүн цагаан сонголт хийж байсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байх ёстой вэ?

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Үе үеийн Ерөнхийлөгч нар өөр дээрээ эрх мэдэл авдаг байсан. Монголчуудын эв нэгдлийг хангаж, Монгол Улсын дэлхийн 200 гаруй улсад төлөөлөх учиртай хүн улс төржиж, монголчуудыг хагаралдуулах ажлыг хийдэг болж. Үүнийг засах ёстой.

Ерөнхийлөгч Монгол үндэстнийг уриалж чаддаг лидер байх хэрэгтэй. Түүнээс илүү монголчуудын эв нэгдлийг хангаж чаддаг эрх чанартай хүн баймаар байна. Энэ хүний хийх ажил нь хамгийн сайн дипломатч байгаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүр царай байгаасай, бизнесүүдийг дэлхийд гарахад нь дэмждэг, монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлж чаддаг хүн байгаасай гэж хүсэж байна.

Spread the love