УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа - НАМБУС

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өнөөдөр /02.05/ хэлэлцжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, хоёр жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Т.САЙХАН

Spread the love