ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АВЛИГА - НАМБУС

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АВЛИГА

“Транспаренси Интернэшнл” байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулсан байна.

Дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахлын нөхцөлд амьдарч буй 2020 онд авлига улам бүр даамжирчээ. Авлига зөвхөн “дэлхий дахины титэм вирустай хийж буй тэмцэлд аюул учруулаад зогссонгүй, ардчиллын хямрал гүнзгийрэхэд ч нөлөөлсөөр байна”. Уг дүгнэлтийг олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагаас авлигын төсөөллийн индексийн талаарх тайландаа дурджээ.

Олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг танилцуулдаг бөгөөд  энэ удаа уламжлал ёсоор олон орны төрийн салбар дахь авлигын түвшинд шинжилгээ хийжээ. Дэлхий дахины 2020 оны нөхцөл байдлыг тооцон үзсэний эцэст Транспаренси Интернэшнл байгууллагын шинжээчид эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлэх авлигын нөлөөлөл, олон улс орон дахь хямралын нөхцөл байдалтай хийж буй тэмцэлд уг нөлөөний үзүүлэх үр дагаврыг судалсан байна.

Улс оронд авлига хэдий чинээ бага байна, төдий хэрээр цар тахалтай хийх тэмцэл үр дүнтэй байгаа аж.

Авлигын төсөөллийн индексийг өмнөх оны адил 180 орны төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг шинжээчид болон бизнес эрхлэгчдийн үнэлгээнд тулгуурлан гаргасан байна. Үр дүнг 0-100 оноогоор үнэлжээ. Оноо өндөр байх тусам авлигын түвшин доогуур байгааг илтгэнэ. 2020 оны индексэд хамрагдсан улс орнуудын гуравны хоёр нь 50-аас бага оноотой байсан тул дундаж оноог 43 гэж TI тэмдэглэсэн байна. Сүүлийн арван жилийн хугацаанд олон тооны улс орнуудын авлигын нөхцөл байдал мууджээ.

Индексийн эхний 10 байранд уламжлал ёсоор Европын Холбоо, Баруун Европын орнууд жагссан байна.

  • 2020 онд Дани болон Шинэ Зеланд Улс 88 оноогоор тэргүүлжээ.
  • Финлянд, Сингапур, Швед, Швейцар Улс тус бүр 85 оноо авч дараагийн байранд орсон байна.
  • Норвеги, Нидерланд, Герман, Люксембург Улсууд эхний аравт багтжээ.

Америкийн Нэгдсэн Улс 67 оноо авч 25 дугаар байранд жагссан бөгөөд энэ нь тус улсын хувьд уг индексийг тооцож эхэлснээс хойших хугацаанд авч буй хамгийн бага оноо болохыг TI дурджээ. АНУ 2017 онд 75, 2018 онд 71, 2019 онд 69 оноо тус тус авч байжээ. Хятад Улс мэдэгдэхүйц урагшилж, 2014 онд 36 оноотой байснаа 2020 онд 42 оноо авч өссөн байна. Сомали, Өмнөд Судан Улсууд 12 оноогоор индексийн 179 дүгээр байранд бичигджээ.

Оросын Холбооны Улс 30 оноо авч, Азербайжан, Габон, Малави, Мали Улстай зэрэгцэн 129 дүгээр байранд оржээ. 2018, 2019 онд тус бүр 28 оноогоор138, 137 дугаар байранд орж байжээ. Тус улсад 2020 онд болсон үнэлгээнд нөлөөлөхүйц үйл явдлын ихэнх нь энэ удаагийн индексэд тооцогдоогүй бөгөөд үндсэндээ 2019 оны ихэнх баримт, мэдээллийг ашигласан талаар тайлан боловсруулагчид дурдсан байна.

ОХУ авлигын индексээр бага оноо авсан нь “Авлигатай тэмцэх нэгдсэн бодлого, тогтолцоо байхгүй”, “хууль тогтоомжийн холбогдох хэсэгт өөрчлөлт ордог” зэрэгтэй холбоотой болохыг Транспаренси дурджээ.

Авлигын индекс болон Ковид-19 цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүн харилцан хамааралтай болохыг тогтоосон бөгөөд авлига бага байх нь эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх, мөнгөн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах боломжийг олгож байна.

Латин Америкийн орнуудаас хамгийн өндөр 71 оноо авч, 21 дүгээр байранд орсон Уругвай Улсыг Транспаренсигийн шинжээчид жишээ болгон дурдсан. Тус улсад “Эрүүл мэндийн салбартаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж, халдвар судлалын найдвартай тогтолцоо бүрдүүлэн” Ковид-19 төдийгүй Зика вирус, шар халуурал зэрэг өвчинтэй үр дүнтэй тэмцэх боломжийг олгосон байна.

Үүний эсрэг сөрөг жишээнд тайлан боловсруулагчид Бангладеш, АНУ-ыг багтаасан байна.

Бангладеш Улсад “Цар тахлын нөхцөлд эмнэлэгүүд хээл хахуульд автахаас эхлээд хүмүүнлэгийн тусламжийг завших, эрүүл мэндийн салбар дахь худалдан авах үйл ажиллагаагаар дамжуулан хулгайлах зэргээр авлига үлэмж хэмжээгээр нэмэгдэж” байна. Эдгээр нь өвчлөлийн нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Тус улсад Ковид-19 цар тахлаар өвчлөгчдийн тоо хагас саяд хүрч, нас барагчид 8 мянгыг давжээ.

АНУ-ын хувьд “Дээд түвшин дэх авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдал”, түүнчлэн Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан 1 их наяд ам.долларын зарцуулалтын хяналт сул байгаа зэргийг Транспарэнси онцолсон байна. Эдгээр нь “Засгийн газартаа хариуцлага тооцох, ардчиллыг мөхөөн ухрааж, нийгэмд тайван бус байдал үүсэхэд” хүргэж байна гэж шинжээчид үзжээ.

Spread the love