ҮЦХ Бид хог хаягдлыг ангилж, цэвэр орчныг бүрдүүлнэ - НАМБУС

ҮЦХ Бид хог хаягдлыг ангилж, цэвэр орчныг бүрдүүлнэ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, жилийн дөрвөн улиралд арчилгаа хийж ажилладаг. Энэ утгаараа хог хаягдалгүй цэвэр орчин бүрдүүлж ажиллахыг эрхэмлэн, хогны менежментээ шинэчлэхээр боллоо. Тодруулбал, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан, албан хаагчид өөрсдөө санаачилга гарган, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал болох “АЛСЫН ХАРАА 2050” болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргээр малгайлан хог хаягдлын менежментээ илүү боловсронгуй болгохоор болж, судалгаа шинжилгээний ажилдаа ороод байна. Урин дулаан цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өдөрт дунджаар 10-12 мянган хүн ирж үйлчлүүлдэг. Энэ хэмжээгээр хөл хөдөлгөөн ихсэн, зөвхөн зуны гурван сард л гэхэд 176,2 тонн хог хаягдал гардаг. Энэ их хогны 15 хувь нь цаас, шил ундааны лааз, 25 хувь нь бусад хог хаягдал харин 60 хувь нь хуванцар байдаг. Тиймээс ийнхүү ногоон байгууламжаа хамгаалахын тулд хог хаягдлаа тонн тонноор нь хогийн цэг рүү шууд ачуулдаг байдлаа өөрчилж, ангилж ялган хаяж байхаар төлөвлөж байна. Мөн дахин боловсруулах боломжтойг нь тушаах юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойгоо тохиолдуулан хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажлын нэг нь энэхүү хогны менежментээ боловсронгуй болгон, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.

Spread the love